Skip links

Watches and Wonders 2022: “Солгой” GMT-Master II

Энэ жилийн онцлох шинэ загвар…

2021 оныг хүртэл жил бүрийн хавар дэлхийн тэргүүлэх цаг ба үнэт эдлэлийн брэндүүд Швейцарын Базел хотод зохион байгуулагддаг Baselworld үзэсгэлэн дээр шинэ бүтээлүүдээ дэлгэдэг байсан бол энэ жил Ролекс тэргүүтэй 38 брэнд 2022.3.30-2022.4.3 хооронд Женев хотноо “Watches and Wonders” үзэсгэлэнг зохион байгууллаа. Энэ жил ч мөн салбарын гол тоглогчид нарийн тооцоолол бүхий механизм, дэвшилтэт технологи ба үнэт эдлэл солонгорсон тансаг хийцийг хослуулсан шилдэг шинэ бүтээлүүдээ танилцуулж, дэлхийн хэвлэл мэдээллийнхнийг таван хоногийн турш завгүй байлгасан билээ. Watches and Wonders үзэсгэлэн дээр танилцуулсан олон сонирхолтой бугуйн цагуудаас Rolex брэндийн анхны “Солгой” цаг болох GMT-Master II (ref. 126720VTNR) цаг сонирхогчдыг алмайруулж чадлаа.

GMT-Master II ref. 126720VTNR

Oyster Perpetual GMT-Master II

Ролекс 1954 онд Пан-Америкийн агаарын тээврийн компанийн хүсэлтээр тив хооронд аялдаг нисгэгчдэд зориулж бүтээсэн 2 цагийн бүсийг нэг дор харах боломжтой 1065 хөдөлгүүр бүхий GMT-Master II өдгөө бугуйн цаг сонирхогчдын хамгийн хүсэмжит загваруудын нэгт зүй есоор багтдаг билээ. Тэгвэл энэ жил Ролекс өөрийн хамгийн анхны “Солгой гарын” буюу баруун гарандаа зүүвэл зохистой GMT-Master ref. 126720VTNR-г танилцууллаа.

Онцлох шинж чанарууд

Цаг сонирхогчдын дунд аль хэдийн “Sprite” хэмээн нэрлэгдэж эхэлсэн 2022 оны GMT-Master II загвар нь Rolex брэндийн энэ жилийн хамгийн онцгой загвар яалтачгүй мөн юм. Цагны баадуу, өдөр харуулах цонхыг уламжлалт байрлалын эсрэг буюу зүүн талд байршуулсан нь уг загварын Ролексын бусад бүх цагнуудаас ялгарах гол онцлог бөгөөд цуглуулгын бусад ган цагнуудын адил Oyster, эсвэл Jubilee бугуйвчны сонголттой. Керамик тойргийн ногоон тал нь Submariner ref. 126610LV загварын ногоон тойргийн өнгө бөгөөд хар керамиктай төгс хосолжээ.

GMT-Master II ref. 126720VTNR бугуйн цаг сонирхогчдыг талцуулсан загвар яалтачгүй мөн боловч гэнэтийн, шинэлэг бүтээл болсонтой маргахын аргагүй. Этгээд, спортлог, тансаг. Эдгээр үгсээр шинэ GMT-Master II цагийг тодорхойлж болно. Хар ба ногоон өнгийн керамик тойрог, 70 цагийн нөөцтэй 3285 хөдөлгүүр, 904L ган бугуйвч ба их биетэй 126720VTNR нь өдгөө 67 дахь жилдээ дэлхийгээр аялагчид, бугуйн цагны ертөнцийг байлдан дагуулсаар байгаа GMT-Master II цуглуулгын хамгийн этгээд шинэ гишүүн билээ.

Leave a comment